Friday, July 3, 2009

Las espanolas...


Сэтгэл хөдөлгөм дууны хэмнэл, гутлын өсгийний товших чимээ, газар шүргэсэн урт даашинз... Та яг одоо энэ бүгдийг сэтгэлдээ төсөөлөөд, дотроо мэдрэх гээд оролдоод үз дээ! Бүжигчин бүсгүйн гутлын өсгийн товших чимээ бүрийг чагнаад үзээрэй! Яг л гал мэт дүрэлзсэн хайр дурлал, түүний гайхалтай өрнөл, гашуун хагацал, гаслан зовлон бүгдийг нэгэн зэрэг мэдрэх шиг... Залуу бүсгүйн үл ялиг чичирхийлсэн, хагас инээвхийлсэн уруул, өндөрт өргөсөн гар, татаж тэгшилсэн цэх нуруу, уян нарийн бэлхүүс, хурц, гялалзсан нүдний харц – энэ бүгд бардам, ихэмсэг, хэзээ ч үл шантрах Испани бүсгүйг илтгэнэ. Энэ бол Испани фламенко, Испани бүсгүй! Нуруу цэх, харц дээгүүр тэдний тухай сонирхуулах зүйл их ажээ.

Испани бүсгүйчүүд ба фламенко

Испани бүсгүйчүүдтэй салшгүй холбоотой нэгэн зүйл бол яах аргагүй баяр баясал, хүсэл тачаал, гуниг зовлон бүгдийг өөртөө багтаасан фламенко бүжиг! Үнэндээ энэ нь Испани эмэгтэй болгон фламенко бүжиглэдэг, дуулдагт биш харин фламенко бүжгийн хөдөлгөөн бүхэн испани эмэгтэйн уян, налархай бие цогцос, итгэл дүүрэн, бардам харцыг санагдуулж, фламенкогийн аялгуу дуу бүр испани эмэгтэй бүрийн сэтгэл зүрхэнд шингэсэн байдаг гэсэн утгыг агуулж байгаа юм.

Фламенко бол Испаний уламжлалт дуу-бүжгийн төрөл бөгөөд дотроо бүжиг (байле), дуу (канте), гитарын тоглолт (токе)-г багтааж байдаг. Бүжиг дууг гарын алга ташилт, хөл товшилт зэрэг дагалдана. Фламенкогийн үүсэл хөгжилд анх 15р зуунд Византигаас Испани руу нүүдэллэн ирж Испаний өмнөд хэсгийн мужуудад, тэр дундаа Андалузид суурьшсан цыгануудын дуу, хөгжим асар их нөлөө үзүүлсэн гэж үздэг. Цыганууд суурьшсан газрынхаа буюу испаничууд болон еврейчуудын дуу хөгжмийг хүлээн авч, өөрсдийнхөөрөө ойлгон өөрчлөн дуулж, хуурдаж эхэлсэн бөгөөд энэ нь фламенкогийн үндэс суурийг тавьсан байна.

Фламенкогийн дуу хүнд, хэцүү хэмнэлтэй, анх сонссон хүнд тэр бүр таалагддаггүй ч бүжигчин бүсгүйн уян, налархай басхүү хурц, хурдан, огцом хөдөлгөөнүүд, гитарын хэмнэлт аялгуу зэргийг гайхан бишрэхгүй байхын аргагүй билээ.

“Амьдар бас амьдралаас таашаалыг мэдэр!”

Испани бүсгүйчүүдийн гол уриа: “Амьдар бас амьдралаас таашаалыг мэдэр!” Ийм ч учраас тэд аз жаргал гэдэг мөнгө, эд баялагт бус харин бие хүн болоод байгаль эх хоёр хоорондын харилцан зохицол, эрх чөлөө, хүсэл эрмэлзэл дүүрэн амьдралд оршдог гэж үздэг. Тэд амьдралаас, эргэн тойрноосоо, хийж буй зүйлээсээ аль болох их таашаал авахыг эрмэлздэг бөгөөд тиймдээ ч тэдний өдөр тутмын амьдрал өнгө гэрлээр дүүрэн байдаг гэж хэлж болох юм.

Хэдийгээр бүжиг болон гэр бүлийн харилцаанд Испани эмэгтэйчүүд давуу эрх, үүрэгтэй оролцдог ч хэзээ ч эрэгтэйгээ давамгайлах эсвэл “дарах” явдал гаргадаггүй. Тэд зөвхөн өөрсдийн эмэгтэйлэг, дахин давтагдашгүй шинж чанарыг онцгойлохыг эрмэлздэг.

Испани бүсгүйчүүд өөрсдийн төрөлхийн гоо сайхныг илүүд үздэг бөгөөд тэд нүүрээ бараг буддаггүй. Гоо сайхны бараа, бүтээгдэхүүн хэрэглээгээр Испани Европт хамгийн сүүлийн байранд ордог. Испани бүсгүйчүүдийн хувьд гоо сайхан гэдэг бол юуны өмнө эрүүл чийрэг бие бялдар бас цэвэр, зөөлөн арьс юм.

Харин чанартай үнэртэй усанд Испани бүсгүйчүүд хэзээ ч гар татдаггүй. Охид хүртэл өлгийтэй бяцхан наснаасаа үнэртэн хэрэглээд сурчихдаг! Халамж сайтай ээж бүр охин хүүхдийнхээ өлгий эсвэл хувцсанд хэдэн дусал Eau de Cologne Nenuco шингээхээ мартахгүй бөгөөд бага наснаасаа хэрэглэж дассан энэхүү үнэртэнээ том болоод ч гэсэн дуртай нь аргагүй хэрэглэх явдал байдаг. Испани бүсгүйчүүд ихэвчлэн цитрусын төрлийн жимсний үнэртэнг сонгодог бөгөөд сэрүү татуулсан, сэргээсэн энэхүү үнэр нь Испаний халуун дулаан уур амьсгалд тун тохиромжтой байдаг байна.

Испани бүсгүйчүүд идэвхтэй бэлгийн амьдралыг эрхэмлэдэг бөгөөд нэгэн судалгаагаар зөвхөн Испанид л эмэгтэйчүүд 60-70 насандаа жилд 27-оос доошгүй удаа бэлгийн харьцаанд ордог гэсэн сонирхолтой баримт гарчээ!! Итгэмээргүй бас гайхмаар байгаа биз дээ?!

Хамон ба шоколад

Испани гал тогоо амттай, шимтэй хоол ундаар дүүрэн байх бөгөөд Испани бүсгүйчүүд ч гайхалтай сайн гэрийн эзэгтэй, тогооч нар байдаг. Испаничуудын хэлдгээр “Амттай сайхан хамон (Испаний уламжлалт жорын дагуу бэлтгэдэг гахайн утсан махан хоол) хийдэг бүсгүй нөхөргүй үлдэнэ гэж байдаггүй”.

Европ дахь шоколадны түүх Испаниас эхэлсэн гэдгийг та мэдэхүү? Испаний баян конкистадоруудын (15-16р зуунд Энэтхэг болон бусад баялаг тив, улсуудыг хайн урт удаан хугацааны аялалд гарсан испаничууд) эхнэрүүд халуун шоколадны жинхэнэ “хорхойтонгууд” байсан бөгөөд одоо ч гэсэн Испани бүсгүйчүүдийн дуртай амттангуудын нэг шоколад байсаар байна.

Мэдээж хэрэг, жинхэнэ нууцлаг Карменыг ойлгоход тань сэтгүүлийн ганц нүүр унших нь хангалтгүй ч сэтгэлээрээ түүнтэй фламенко бүжиж чадсан бол ч...

No comments:

Post a Comment