Friday, July 3, 2009

Итгэ, хайрла, амьдар!

Оюутан ахуй цагийн нэгэн явдал санаанаас ердөө гардаггүй юм. Номын санд суугаад нилээд оройтчихсон харих гэж явсан юмдаг. Автобусанд “ухаанаа алдтал” уучихсан юмуу гэмээр нэгэн залуу хоёр хөлөө солбин, унаж тусан байж орж ирлээ. Хэн нэгний хөл дээр гишгээд л, бас хэн нэгнийг түлхэж холдуулсаар автобусны голд байсан нэгэн сул суудлыг олж суусан тэрээр бас зүгээр ч үгүй хараалын үг урсгаж, шүлсээ байн байн хаях нь зорчигчдын зэвүүг улам ихээр хүргэнэ. Гэнэт дэргэд нь сууж байсан нэгэн өвөө “Хүү минь дээ, ингэж шаналах хэрэггүй! Би ч гэсэн хайртай хүнээсээ хагацаж л байсан. Амьдралд үүнээс хэцүү олон зүйл тохиолдоно. Залуу нас, амьдралаа хайрла!” гэж билээ. Нөгөө хүн бүрийн дургүйг хүргэн, хараал урсгаж суусан залуу гэнэт тэр өвөөгийн мөрийг түшээд мэгшин уйлж эхэлсэн юм. Миний ч гэсэн сэтгэл хөдлөхгүй байж чадаагүй.

Яагаад энэ явдлын талаар бичих болсоноо ч сайн мэдэхгүй юм. Гэхдээ дээрхтэй адил зүйлсийн талаар сонсох бүрийдээ хүний зүрх сэтгэлийг нээн ариусгагч тэрхүү жинхэнэ хайр гэж байдаг бол хүн түүнд насан туршдаа суралцах юм шиг санагддаг. Тэрхүү жинхэнэ хайрыг хүмүүст түгээж, амьдралыг хайраар гэрэлтүүлж явсан нэгний тухай энд өгүүлэх гэсэн юм. Энэ бол амьд ахуйдаа аугаа гэгээнтнүүдийн тоонд багтсан ариун үйлст Тереза эхийн тухай түүх билээ.

"Өөрт нь туслах хүн олдсонд хэмжээлшгүй баярлаж байгаа зовлонт хүнийг та харсан уу? Тийм хүний харц ямар сайхан байдаг гээч?! Баярласан сэтгэлээр дүүрэн харц хэзээ ч мартагддаггүй юм” гэж Тереза эх нэгэнтээ хэлсэн байдаг. Энэтхэгийн нэгэн эмнэлэгийн үүдэнд халдварт өвчин тусан, яр шархандаа баригдан, хүн ойртохын аргагүй үнэртэй болсон нэгэн үл таних ядуу эмэгтэйг олж харсан Тереза эх түүнээс огт сэжиглэлгүй элгэндээ тэвэрч, угааж цэвэрлэн, аймшигт өвчнийх нь зовлон шаналалыг насан эцэслэх сүүлчийн мөчид нь бага ч болов нимгэлсний хариуд бүсгүйн нүүрэнд тодорсон талархалын инээмсэглэлийг олж харсан гэдэг. Хожим нь тэрээр энэ тухай “Тэр инээмсэглэл Бурханаас надад өгсөн дохио байсан юм. Учир нь Бурханы хайр агуу билээ!” хэмээн дурсан ярьсан билээ.

Агнес Гонджа Бояджиу (Тереза эхийн жинхэнэ нэр) 1910 оны 8 дугаар сарын 26-нд Косовад албани гаралтай чинээлэг цыганы гэр бүлд төржээ. Хар бага наснаасаа бусдад туслах сэтгэл өвөрлөсөн тэрээр 12-тойдоо сүмд сууж, эрдэм номын мөр хөөсөн гэдэг. Боловсролтой, ухаалаг Агнес бусад охид бүсгүйчүүдийн адил амьдралаар амьдарч болох байсан ч өөр замыг сонгожээ. Ганц даавуун цүнхтэй, загалмай өвөртөлсөн Агнес 18-тайдаа Ирландад ирж, тэндхийн сүмийн гэлэнмаа болсон аж. Удалгүй гэлэнмаа Тереза хэмээх нэрийг авсан тэрбээр бүхий л амьдралаа хүмүүсийн төлөө зориулахаар санаа шулуудаж 20 настайдаа Энэтхэгийн нэгэн охидын сургуульд багшилахаар явсан байна. Тэрбээр 20 гаруй жилийн туршид Гэгээн Мариягийн нэрэмжит охидын сургуульд газар зүй, түүхийн багш, захирлаар ажиллаж байлаа. Гэвч Ромд өөрийн чөлөөт гэлэнмаа болох хүсэлтийг удаа дараалан тавьж байсан бөгөөд чухам тэрхүү хүсэл нь биелсэн тэр мөчид халаасандаа тавхан рупитэй, өөрийн өмссөн сари, сандалинаас өөр ямар ч эд хогшилгүйгээр урьдны элбэг дэлбэг, гачигдал зовлонгүй амьдралаа орхин Калькуттагийн гудамжнаа гарч, өвдөж зовсон, ядарч туйлдсан хүн бүрт тусламжийн гараа сунгасан юм. Энэ бол эгэл нэгний аугаа их хайранд хөтлөгдсөн ариун үйлсийн эхлэл байсан билээ!

Тереза эх асрагч нарынхаа хамт эмчлэгдэх найдваргүй болчихоод гудамжинд үхэх өдрөө хүлээн хэвтэж буй гэр оронгүй гуйлгачингуудыг өөрсдийн жижиг асрамжийн байрандаа авчран асарч сувилдаг байсан бөгөөд анх 13 асрагчтайгаар эхлүүлж байсан түүний асрамжийн газар эдүүгээ “Нигүйлсэхүйн одон” нэрт буяны байгууллага болон өргөжин тэлж, дэлхийн 123 орны 600 гаруй төвд 4000 гаруй гэлэнмаа, 100 гаруй мянган сайн дурынхантай үйл ажиллагаагаа явуулж байна. Тэрээр ДОХ-оор өвчлөгсдөд зориулагдсан хамгийн анхны эмнэлэгийг байгуулж, тусламж хэрэгтэй байгаа дэлхийн бүх л халуун цэгүүдэд (хэдэн сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн Этиоп улс, дайны утаанд дарагдсан Бейрут, маляри, ДОХ зэрэг аймшигт өвчнүүдийн голомт болсон Африкийн улс орнууд гээд л...) очин ажиллаж байсан билээ.

Гудамжинд төрж, амьдарч, үхэж үрэгдэж буй хэдэн арван сая хүний төлөө өөрийн “бяцхан” биеийг үл хайрлан, үүрийн таван жингээс эхлэн нойр хоолыг умартан хөдөлмөрлөх түүнийг харсан BBC-ийн сурвалжлагч Мальколм Мугеридж “Би үүнийг сая долларын төлөө ч хийхгүй байсан!” гэхэд Тереза эх хариуд нь “Би ч мөн адил үүнийг сая долларын төлөө хийхгүй байсан। Зөвхөн Бурханд итгэдэг, түүнд хайртайдаа би үүнийг үнэ төлбөргүй хийдэг” гэсэн гэдэг. Өмссөн сари, ганц шүхэр, нимгэн гудаснаас өөр юу ч үгүй “ядуу”, гэхдээ энэ ертөнцийн ядарсан, туйлдсан хүн бүрийн төлөө гэсэн аугаа их сэтгэлтэй “баян” энэхүү эгэл эмэгтэйн тухай хожим тэрхүү сурвалжлагч нэгэн баримтат киног бүтээжээ. Өнгө гэрлийн сонголтгүй ядуусын харанхуй хороололд, орь дуу тавин, өвчин шаналалдаа цөхөрсөн гуйлгачдын дунд хийсэн тэрхүү зураг авалтыг олигтой зүйл болно гэж бодоогүй Мальколм хожим нь хальсыг боловсруулан хараад ямар нэг ер бусын гэрэлтэй болсон байсныг ажиглан өөрийн эрхгүй дуу алдаж байсан гэдэг. Энэхүү кино “Something beautiful for God” буюу “Бурханд зориулагдсан нэгэн сайхан зүйл” нэртэйгээр анх 1969 онд дэлгэцнээ гарчээ.

Тереза эхийн ер бусын энэрэнгүй хайр, хатан зоригийг үнэлж 1973 онд Темплтоны нэрэмжит тусгай шагнал, 1979 онд Нобелийн шагналыг тус тус хүртээж байжээ. Мөн 1985 онд АНУ-ын Ерөнхийлөгч түүнийг төрийн дээд шагнал болох “Эрх чөлөөний” одонгоор шагнаж байсан удаатай. Гэвч авсан Нобелийн шагналаа нөгөө л нэг бусдад яарсан сэтгэлээсээ болоод хаа нэгтээ хэнэггүй орхиод явчихдаг тэрээр амьдралыг алдар хүндээр бус харин ариун үйлсээр хардаг нэгэн байжээ.

Тереза эх 87 настайдаа буюу 1997 оны 9 сарын 5-нд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Түүнийг насан өөд болохоос өмнө нэгэн сурвалжлагчийн “Та үхлээс айдагуу?” гэсэн асуултанд “Үгүй дээ. Үхэл гэдэг чинь эргээд гэртээ харихтай л адил. Та гэртээ харихдаа, гэрийнхэндээ очихдоо айдаг гэж үү?! Бурханы оронд очоод би аав, ээж, гэрийнхэнтэйгээ, урьд нь бүх л амьдралынхаа туршид жаахан ч гэсэн хайрыг мэдрүүлэх гэж оролдсон тэр бүх хүмүүстэйгээ уулзана. Энэхүү уулзалтаа тэсэн ядан хүлээж байна!” гэсэн гэдэг. Нүүр нь баяр баясгалан, амар амгалангаар гэрэлтэж байсан.

Түүний хэлсэн үгс, бичсэн номнуудыг уншаад дуусахгүй, учир нь үг бүрийн утгыг тэр хүн өөрийн амьдралаар, үйлдлээр, аугаа их хайраар харуулсан байдаг болохоор, учир нь хайрыг хайраар бүтээсэн байдаг болохоор...

“Нүдээ нээгээд хайр энэрэл дутагдсан нэгнийг олж харахыг хүсч байна! Чихээ нээгээд бусдыг сонсож, ойлгож, мэдрэхийг хүсч байна! Зүрх сэтгэлээ нээгээд инээмсэглэл, халуун дулааныг бусдад бэлэглэж, хамгийн гол нь хайр сэтгэлийг амсуулахыг хүсч байна!

Эцэст нь эгэл хирнээ эгэл биш утгыг өөртөө агуулсан хэдэн үгсийг дамжуулах гэсэн юм. Эдгээр үгс “Нигүйлсэхүйн одон” сангаас ДОХ-оор өвчлөгсдөд зориулан Нью-Йоркийн Гринидж виллиджд байгуулсан нэгэн асрамжийн төвийн үүдэнд сийлээстэй байдаг.



Амьдрал бол боломж, түүнийг бүү алд!
Амьдрал бол гоо сайхан, түүнийг бишир!
Амьдрал бол мөрөөдөл, түүнийг биелүүл!
Амьдрал бол үүрэг, түүнийг гүйцэтгэ!
Амьдрал бол тоглоом, түүгээр тогло!
Амьдрал бол хайр, тиймээс хайрла!
Амьдрал бол оньсого, түүнийг таа!
Амьдрал бол зовлон, түүнийг даван туул!
Амьдрал бол аз жаргал, түүнийг өөрөө бүтээ!
Амьдрал бол амьдрал, түүнийг авар!
Амьдрал бол асар үнэ цэнэтэй, түүнийг хэзээ ч битгий үгүй хий!



1 comment:

  1. Borgata Hotel Casino & Spa - Atlantic City - KTHR
    Borgata 구리 출장샵 Hotel Casino & Spa · 3.5-star luxury resort featuring 1,816 수원 출장마사지 guest rooms · The Spa at 전라북도 출장마사지 Borgata Hotel Casino & Spa 안성 출장안마 offers 2,108 guest rooms, 서산 출장안마

    ReplyDelete