Friday, July 3, 2009

Амралт, зугаалгаар явахдаа...


Бүх л намар, өвөл, хаврын турш хүсэн хүлээсэн зуны сайхан улирал ирж, цагийг шавар байшинд биш цэвэр агаарт, цэцэгсийн дунд өнгөрөөх боломж олдож байна. Аливаа амралт, зугаалганы хамгийн энгийн орц нь алтан нар, амттай хоол, ахан дүүс, анд нөхөд гэдгийг та мэднэ шүү дээ! Амралт, зугаалгаа зохион байгуулахад тань тустай боловуу гэсэн зарим зөвлөгөөг доор орууллаа:

Амралт зугаалгыг гол, горхи, нуурын дэргэд, ер нь гол усны ойрхон зохион байгуулахад тохиромжтой байдаг। Учир нь урсгал усны чимээ ядаргааг сайн тайлдаг। Үүнээс гадна орчин тойрон сайхан харагддаг өндөрлөг газрыг сонгож олоод, хайртай хүнтэйгээ алсыг ширтэн, амтат хоол идэнгээ өдрийг өнгөрөөж болох юм. Эсвэл амралтын өдрийнхөө өглөөг гэрээс тань холгүй байх цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүдтэйгээ хөгжилдөн угтаж болно шүү дээ. Нээрээ бас зочны өрөөнийхөө хивсэн дээр бяцхан ширээ засаад, дуртай киногоо үзэнгээ “picnic” зохиож ч болно! Гол нь таны хүсэл!

Мэдээж хэрэг аливаа амралт зугаалгыг тух тохьтой, аятай сайхан болгохын тулд бэлтгэл хэрэгтэй. Амралтаа өнгөрөөх газраа нэгэнт сонгож олсон бол аян замын бэлтгэлээ хийж эхэлнэ дээ! Ямар ч байсан амралт, зугаалгаар явахад зайлшгүй шаардлагатай гэж бодсон болон авч явах хоол хүнснийхээ зүйлсийн жагсаалтыг урьдчилан гаргаад явах өдрийнхөө өмнө бүгд бэлэн байгаа эсэхийг шалгаад нэг үзээрэй.

Амралт зугаалгаар явахдаа марталгүй авч явах зүйлс:
- хол газар хоногоор явах бол майхан, гудас, хөнжил (мешок) хийн плитка, шорлог хийх төмөр тор гэх мэт
- хулдаасан эсвэл даавуун ширээний бүтээлэг
- идэж, уух зүйлсээ бүгдийг нэг дор хийгээд аваад явахад тохиромжтой том сагс
- даавуун эсвэл цаасан салфетка (хуурай болон нойтон), гар ариутгагч
- нэг удаагийн халбага, сэрээ, аяга, таваг
- хог хийх гялгар уут
- бөглөө, лааз онгойлгогч, шүдэнз
- анхны тусламжийн хайрцаг: ялаа, шумуулнаас сэргийлэгч спрэй, нарны тос, шархны лент гэх мэтийг багтаасан байна
Хүнсний зүйлс:
- Төрөл бүрийн сэндвич, талхан зуушийг өөрт байгаа материалаар, богино хугацаанд хийж болох бөгөөд энэ нь аян замд авч явахад тун тохиромжтой хүнс юм. Мөн төрөл бүрийн ногооны салат, жимс, жимсгэнэ, самар, чихэр, жигнэмэг зэргийг десертэнд авч болно.
- Түүхий мах, хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн, өндөг зэргийг авч явах бол мөстэй эсвэл тусгай хөргөгч саванд хийн авч явах хэрэгтэй. Хоолоо хийх хүртлээ нарны гэрлээс хол, сэрүүн газар байлгана. Урьдчилан шарж бэлтгэсэн тахиа болон загасны махыг зориулалтын мөнгөн цаасанд ороон авч явж болно.
- Гэдсээ өвтгөх гээгүй л бол аян замд майонез авч явах хэрэггүй! Ер нь амархан муудах, гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг хол газар аялал, зугаалгаар авч явахад тохиромжгүй байдаг.
- Уух юмны хувьд өргөн сонголттой бөгөөд өөрсдийн дуртай ундаа, шүүсийг аваад явахад болно। Халуун цай авч явах бол цайны халуун саваа мартуузай! Халуун өдөр хэт хүйтэн, мөстэй ундаа халсан биеийг хөргөдөг бөгөөд амны цангааг тийм сайн тайлдаггүй учир тохиромжгүй. Цангааг рашаан ус, ногоо, жимсний шүүс сайн тайлдаг. Гэрийн нөхцөлд бэлдсэн жимс, жимсгэний ундаа нь элдэв өнгө, амт, үнэр оруулагч химийн бодисгүй учир авч явахад илүү тохиромжтой. Халуун өдөр тараг, йогурт гэх мэт амархан гашилах сүүн бүтээгдэхүүн авч явах тохиромжгүйг анхаараарай!

Хэрвээ хол газар, ялангуяа хөгшид эсвэл бага насны хүүхдүүдтэй явж байгаа бол цаг агаарын байдлыг урьдчилан тандаж мэдэн, дулаан хувцас, ойр зуурын хэрэгцээний эм бэлдмэлийг авч явахад илүүдэхгүй.

Цагийг хөгжилтэй өнгөрөөхийн тулд хөл бөмбөг, теннис тоглож, уулын орой булаацалдаж, цаасан шувуу хөөргөж ер нь л дуртай тоглоомоороо тоглож болно шүү дээ. Гол нь хэрэгтэй зүйлсээ урьдчилан бэлдээд авч явахаа мартуузай!

Эцэст нь хэлэхэд ойр дотныхонтойгоо, найз нөхөдтэйгөө өнгөрөөж буй сэтгэлд хоногшим сайхан мөчүүдээ гэрэл зургийн хальснаа буулган үлдээж дурсамжит мөчүүдийг үргэлж санагдуулах гэрэл зургийн альбомыг бий болгоорой! Альбомоо илүү сонирхолтой, дурсамжтай болгохын тулд ямар нэг нэр өгч, үзсэн харсан, хийсэн сонин, содон, хөгжилтэй зүйлсийнхээ талаар тэмдэглэл хийж ч болно шүү дээ. Бас байгальд өнгөрүүлсэн мөчүүдээ дурсахын тулд бяцхан үрсийнхээ тусламжтайгаар ургамал, цэцэгсийн хатаамал бэлдэн хавчуурга ч хийж болно. Сайхан дурсамжийг бий болгоно гэдэг амьдралын сайхныг мартахгүй байх бас нэгэн арга юм шүү!

No comments:

Post a Comment