Friday, July 3, 2009

Fitness...

Fitness…

Улам ихээр хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмтэй хөл нийлүүлэн амьдрахын тулд хүмүүс бид өөрсдийн амьдралын хэмнэлийг хүртэл хурдасган өөрчлөх шаардлагатай болжээ. Тэгвэл амрах завгүй ажиллаж, амсхийх завгүй мэдээллээр “бөмбөгдүүлж” буй бид жаахан ч гэсэн цагийг өөрийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжилдөө зарцуулж сурах цаг нэгэнт болсон мэт. Үргэлжийн мөнхөд хаа нэг тийшээ яарч, бас болоогүй хаа нэг газар “бөглөрч” явах хотын бидний алт шиг цагийг хэмнэсэн, хотынхны хэмнэлд тохирсон, гол нь эрүүл мэндэд үр ашигтайгаар нөлөөлж болох тэрхүү зүйлсийн нэг нь магадгүй өнөө үед нилээн “моданд” ороод байгаа, улам бүр хүчээ аван хөгжиж буй фитнесс байж болох юм.
Тиймээ, өнөөдөр фитнесс өөртөө итгэлтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай, гол нь өөрийн бие бялдар, гадаад үзэмжинд анхаарал тавьж сурсан хэн бүхний амьдралын салшгүй нэг хэсэг болж амжжээ. Арваадхан жилийн өмнө л фитнессээр хичээллэх нь байтугай, уг “фитнесс” гэсэн үг нь чухам ямар утгатайг ч мэддэггүй байсан бид борооны дараах мөөг шиг олширсон фитнесс клубуудын хаалгыг онголзуулан, үнэ тарифыг нь судлан явах болжээ. Гэхдээ зарим нэг дутуу ойлголттой яваа хүмүүст хэрэг болох боловуу гэсний үүднээс фитнесс, түүний ач холбогдол, давуу талуудын талаар зарим зүйл олж мэдсэнээ та бүхэнтэй хуваалцая гэж шийдлээ.
“Фитнесс” гэж юу вэ?
Фитнесс бол хүний биеийг хөгжүүлэх, эрүүлжүүлэх цогц дасгалуудыг өөртөө нэгтгэж чадсан хамгийн сүүлийн үеийн дасгалын систем. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндэд аль болох бага ачаалалтайгаар, аль болох өндөр үр дүнтэйгээр хүний бие бялдрыг хөгжүүлэх, эрүүлжүүлэх улмаар амьдралын эрч хүчийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн биеийн тамирын цогц дасгал хичээлүүд юм.
Фитнесс гэдэг үгийг хэд хэдэн утгаар ойлгож болох юм:
ь Нэгдүгээрт, энэ нь хүний биеийн хөгжлийг олон талаар дэмжсэн, эрүүл мэндийг дээшлүүлэх зорилготой цогц үйл ажиллагаа бөгөөд өөртөө дараах зүйлсийг багтаана: хүний биеийн ерөнхий эрч хүчийг нэмэгдүүлэх, булчингуудын үйл ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн хүндийн өргөлтийн дасгалууд; хүний амин чухал эрхтэн системүүдийн хэвийн үйл ажиллагааг дэмжих зорилготой амьсгалын болон зүрх судасны булчингуудад зориулагдсан дасгал, хөдөлгөөнүүд; биеийн уян хатан чанарыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн дасгалууд; зөв хооллолтын болон эрүүл аж төрөх ёсны хэм хэмжээнүүд
ь Хоёрдугаарт, фитнессийг бий болоод хараахан удаагүй байгаа спортын нэгэн төрөл гэж хэлж болох юм. Энэ нь нэг талаас эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийн бие бялдрыг зөв сайхан хөгжүүлэхийг эрмэлзэгчдийн хүрээ тэлж, нөгөө талаас эмэгтэйчүүдийн бодибилдингийн төрлийг сонирхогчдын тоо буурсантай холбоотой юм. Ийм ч учраас бие бялдрынхаа эрүүл мэнд, гоо сайхан байдлаараа өрсөлдөгч эмэгтэйчүүдийн дунд фитнессийн уралдаан, тэмцээнийг зохион байгуулах болжээ. Фитнессийн тэмцээний үеэр шүүгчид оролцогч тамирчин эмэгтэйн биеийн ерөнхий хөгжил, галбир, харьцаа зэргийг харахаас гадна бие цогцсоо хэрхэн удирдан чиглүүлж чадаж байна гэдгийг нь тамирчин бүсгүйчүүдийн тусгайлан бэлдсэн номероос харж дүгнэдэг байна.

Тэгэхээр өнөө үед фитнесс нь нэг талаас мэргэжлийн спорт болон хөгжиж, нөгөө талаас эрүүл амьдрах эрмэлзэлтэй, өөрийн биеийн хөгжилд анхаарал тавьдаг бие болоод сэтгэлийн зохицлыг бий болгохоор эрмэлзэгчдийн амьдралын салшгүй нэг хэсэг болжээ.

Фитнесийн түүхээс...

Хэдийгээр анхны фитнесс программуудыг аль Дэлхийн 2р дайны үед боловсруулж байсан ч фитнесс нь албан ёсоор анх АНУ-д 30аад жилийн тэртээ үүсэн бий болсон гэж үздэг. Цаг алдахгүйн тулд америк цэргүүд албан ёсны бэлтгэл сургуулилтаас гадуурх цагуудад ч биеийн булчин хөгжүүлэх хүндийн өргөлтийн болон суниалтын дасгалуудыг хийдэг байжээ. Дээрх хялбар дасгалууд нь улам баяжин сайжирсаар одоогийн фитнессийн классик гэж хэлж болох дасгалууд бий болсон бөгөөд фитнессийн мэргэжлийн багш нарын удирдлага доор уг дасгалуудыг хийж гүйцэтгэх болсон юм.
20р зууны 70аад оны үеэр АНУ-д хүн амын янз бүрийн давхаргын төлөөлөгчдийн дунд явуулсан судалгааны үеэр америкчүүдийн дийлэнх хувь нь эрүүл мэндийн болоод бие бялдрын хувьд тодорхой өвчин, зовиуртай байдаг нь тогтоогджээ. Хамгийн сонирхолтой нь хүмүүсийн амьдрал сайжрах тусам эрүүл мэндтэй холбоотой асуудлууд улам хурцаар тавигдах болсон байна. Хүмүүс ажлаасаа ирэнгүүтээ л зурагтныхаа өмнө пиво барин суух зуршилтай болж ингэснээрээ хөдөлгөөний дутагдалд орох болов. Том хотуудын оршин суугчдад дээрхээс арай өөрөөр үдшийг өнгөрөөх сонголт байдаг боловч жижиг хот, суурингуудад дээрх төрлийн уйтгарт, хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг зонхилох болжээ.
Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний дүнд АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэд Фитнессийн зөвлөл гэдгийг байгуулсан бөгөөд уг зөвлөлийн бүрэлдэхүүнд фитнессийн салбарт хамгийн нэр хүндтэйд тооцогдох 20 гаруй мэргэжилтэн багш нар болон фитнессийг дэмжигч улс төрчид оржээ. Зөвлөлийн гол зорилго нь фитнессийг хөгжүүлэх, олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх явдал байсан юм. 1983 онд Марк Мастровийн санаачлагаар “24 цагийн фитнесс” системийг боловсруулсан бөгөөд энэ нь фитнессийг олон нийтэд хүртээмжтэй болгох зорилгоор фитнесс төвүүдийн үнэ тариф, ажиллах цагийн хуваарь зэрэгт хийсэн системтэй өөрчлөлт байлаа.
Ийнхүү бүх л бүтэн улсын хэмжээнд фитнессээр хичээллэхийн ач холбогдол, эрүүл зөв амьдралын хэв маягийг системтэйгээр сурталчилж чадсанаар фитнессийн ирээдүйн хурдацтай хөгжлийг тодорхойлж өгсөн юм.
Монголд фитнессийн талаар мэддэг болоод тийм ч их хугацаа өнгөрөөгүй байна – ердөө л арван хэдхэн жил. Ардчиллаас өмнө Монголд фитнесс гэдэг зүйлийг хийж хэрэгжүүлэх нь байтугай сонсож дуулсан хүн байгаагүй гэхэд болно. Зөвхөн спорт, биеийн тамир л гэж байлаа: өөрөөр хэлбэл, спортын аль нэг төрлөөр мэргэжлийн түвшинд эсвэл сургуулиуд, спортын төвүүдэд биеийн тамир, спортын дугуйлан, секцүүдэд сайн дурын, сонирхлын үндсэн дээр хичээллэх.
Гэвч социализмын үед урлаг, спортыг төрийн зүгээс идэвхтэй дэмждэг байсны үр дүнд ямар нэг спортын дугуйлан, секцид явдаггүй сурагч, оюутан, чөлөөт цагаараа аль нэг спортын төрлөөр хичээллэдэггүй хүн гэж бараг байдаггүй байлаа. Өөрөөр хэлбэл, хүн амын эрүүл мэндийн байдал харьцангуй сайн байсан.
Тэгээд ч одоогийн фитнессийн үр, үндсийг тавигч нь тэр үеийн биеийн тамир байсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Үнэндээ фитнесс гэдэг нь бие бялдрын зөв, сайн хөгжилтэй байх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр биеийн тамир, фитнессийн гол зорилго бол угтаа нэг юм.

No comments:

Post a Comment