Friday, July 3, 2009

Fitness continues...

Фитнесс хичээлийн төрлүүд
Ямар ч фитнесс клубт очсон фитнесс программын хамгийн түгээмэл төрлийн нэг болох аэробикийн хичээлийг танд санал болгоно. Хэрвээ та бүжиглэж чаддаггүй ч гэсэн хөгжмийн хэмнэлд дасгалаа хийхийг хүсвэл биеийн ачаалал даах чадварыг дээшлүүлэх болон бие галбир засахад чиглэгдсэн хөнгөн хэмнэлтэй аэробикийн дасгалуудыг сонгоорой.
Энгийн аэробикаас гадна степ-аэробикийн хичээлүүд гэж байх ба үүнийг степ-аэробик хийхэд зориулагдсан тусгай шалтай залуудад багшийн удирдлага доор хийнэ. Степ-аэробика нь ихэвчлэн биеийн ачаалал даах чадварыг сайжруулах, жин хасах зэрэгт чиглэгдсэн байдаг ба нэг удаагийн степ-аэробикийн хичээл нь дунд зэргийн хурдтайгаар 20 км гүйсэнтэй тэнцдэг ажээ.
Үүнээс гадна бүжгийн аэробика гэж байх ба энэ нь танд орчин үеийн, латин америкийн, арабын, испаний фламенго гээд дуртай бүжгээ хийж сурахаас гадна бие галбираа засах, илүүдэл жингээ хасах зэрэг сайхан боломжийг олгох юм.
Дээрхээс гадна олон төрлийн тусгай хичээлүүдийг өөртөө багтаасан фитнесс программуудыг фитнессийн мэргэжлийн багш нар боловсруулсан байдаг. Үүнд: каратэ, тайэквандо, айкидо, дзюдо, бокс зэрэг тулааны урлагуудын элементүүдийг агуулсан тусгай хичээл, дасгалууд; йогийн хичээл, бусад бясалгалын төрлийн хичээлүүд багтана.
Хэрвээ клуб нь бассейнтай бол аква-аэробика, аква-джоггинг (усан доторх спорт алхалт), скуба-дайвинг гэх мэт олон төрлийг багтаасан аква-фитнессийн программтай байдаг.
Мэдээж хэрэг фитнесс клуб болгон жижиг штангаас эхлүүлээд гүйлтийн тусгай замууд хүртэлх дасгал хийх бүх л төрлийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон фитнесс залуудтай байх ба та мэргэжлийн багшаас зөвлөгөө авсаны дараагаар өөрт тохирох дасгалуудыг тохирох ачаалалтайгаар хийж эхлэх юм.
Орчин үеийн фитнесс клубууд нүүрний болон биеийн массаж, үсчин, гоо сайхан, SPA салон, саун гэх мэт олон төрлийн давхар үйлчилгээг үйлчлүүлэгчиддээ санал болгодог болсныг мэдэхэд илүүдэхгүй бизээ.
Мэдээж хэрэг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, озонжуулсан бассейнтай, SPA салонтой, хүүхдийг чинь тоглуулах тоглоомын талбайгаас эхлээд бусад байж болох бүх л төрлийн ажил, үйлчилгээтэй фитнесс клубын гишүүнчлэлийн карттай болох эсэх нь таны эрүүл мэнд, бие бялдартаа зарцуулахад бэлэн буй мөнгөний хэмжээ өөрөөр хэлбэл түрийвчний тань зузаанаас шалтгаална.
Гэхдээ “Impossible is nothing” буюу “ Болохгүй зүйл гэж байдаггүй” гэдэгчлэн эрүүл саруул амьдрах эрмэлзэлтэй, бие галбиртаа анхаарах хүсэлтэй та хэзээ ч ямар ч нөхцөлд өөрт тохирох сонголтыг хийх боломжтой бөгөөд мэргэжлийн багш нарын зөвлөгөөний дагуу дасгал, хөдөлгөөнийг тогтмол хийж, зөв хооллож, зөв амьдрах хэвшилтэй болбол өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд амархан гэдгийг сануулмаар байна.

Фитнессийн давуу талууд

Фитнессээр хичээллэх нь олон сайн талуудтай бөгөөд дараах төрлийн чадваруудыг бие хүнд бий болгоно:

ь Биеийн ерөнхий ачаалал даах чадвар: биеийг хэт хурдан ядрахаас сэргийлэх, ажлын ачааллыг дааж сургах, ачаалал авсаны дараагаар биеийг түргэн хугацаанд нөхөн сэргээх чадвар
ь Хурд хөгжүүлэх чадвар: тодорхой хугацааны туршид тогтмол хурдтайгаар аливаа ажлыг хийж гүйцэтгэх чадвар
ь Уян хатан байдлыг хөгжүүлэх чадвар: биеийн арьс болон булчин шөрмөсний эд эсийн нэгдмэл чанарыг хангах чадвар
ь Биеийн зөв харьцааг барих чадвар: өөрөөр хэлбэл биен дэхь өөх тосны хэмжээг хэвийн түвшинд хүргэж, яс болон булчингийн зөв харьцааг барих чадвар.
Ер нь фитнессийн ийнхүү хурдан түргэн хөгжин дэлгэрч байгаагийн гол нууц нь фитнессээр хичээллэгчид нь хэзээ ч хүнд хэцүү дасгал, хөдөлгөөн, хатуу хоолны дэглэмээр өөрийгөө ядраах, зовоох шаардлагагүйд оршдог. Фитнессээр ямар ч хүн дуртай үедээ, дуртай цагтаа, өөрт тохирох ачааллын дагуу хичээллэх боломжтой бөгөөд гол нь фитнессээр тогтмол хичээллэснээр таны авах бие болоод сэтгэлийн таашаал гэдгийг онцолмоор байна.
Мэдээж хэрэг энд мэргэжлийн туслагчид буюу фитнессийн багш нарын заавар зөвлөгөөг дагах нь чухал бөгөөд системгүй зүйл ямар нэгэн үр дүнд хүргэхгүй нь ойлгомжтой билээ.
Дээрх бүгдээс дүгнэн хэлэхэд, фитнессээр хичээллэх гэдэг нь зөв хооллох, бие организмаа зөв цэвэрлэх, сэтгэл санаагаа зөв удирдан тайвшруулах зэргээс гадна зөв дасгал хөдөлгөөнийг тогтмол цагт хийж заншиснаар зөв амьдралын хэв маягийг бий болгох явдал гэж хэлж болох юм.
Фитнессээр хичээллэхэд анхаарах зүйлс
- Хичээл сургуулилт хийхийн өмнө бие болоод сэтгэлээ тодорхой хэмжээнд бэлдсэн байх шаардлагатай. Мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө аван, биеийн эрүүл мэндийн ерөнхий байдлыг тодорхойлуулж, ямар нэгэн ужиг өвчин, гэмтэл зэрэг спорт, фитнессээр хичээллэхэд саад болох зүйлс байгаа эсэхийг мэдэж авсанаар биеэ тодорхой хэмжээнд бэлдэнэ гэсэн үг. Сэтгэлээ бэлдэх гэдэг нь фитнессээр хичээллэснээр таны олж авах давуу талууд, бий болох үр өгөөжийг бүрэн ойлгон, аль болох өөрийгөө дайчлан хичээллэхээ ухамсарлах, эерэг сэтгэл хөдлөлийг өөртөө бий болгох явдал юм.

- Өөрийн сэтгэлд нийцэх фитнесс клубыг олж сонгон, мэргэжлийн багш нартай уулзан зөвлөгөө авч, тэдгээрийн тусламжтайгаар өөрт тохирсон фитнесс программыг боловсруулах нь чухал.

- Фитнессээр хичээллэхийн өмнө урдаа тодорхой нэгэн зорилт тавьсан бол үр дүнг нь заавал шалгаж бай. Жишээ нь турахаар шийдсэн бол хичээллэж эхлэхээс өмнөх болон дараах үеүүдэд биеийн жингээ шалган үзэж үр дүнг нь харах нь чухал.

- Хичээл болгоны өмнө бие халаах дасгалуудыг заавал хийж заншаарай. Шууд их хэмжээний ачааллыг өөртөө өгөх шаардлагагүй.

- Хичээллэж дууссаныхаа дараагаар шүршүүрт орж байх нь зүйтэй бөгөөд энэ нь хичээллэх явцад ялгарсан тос хөлсийг биеэс зайлуулахаас гадна алжаал тайлах давуу талтай.

- Хичээлийн дараагаар бие организмын ус болоод витамин, эрдэс бодисын харьцааг алдагдуулахгүйн тулд цэвэр ус, жүүс, витаминжуулсан коктейл, сокууд болон эмчилгээний зориулалтаар хэрэглэж болох ургамлын цай зэргийг ууж болно.

- Сайн үр дүнд хүрэхийн тулд хичээнгүй байж, дасгал хөдөлгөөнийг тогтмол цагт, тодорхой дараалалтайгаар хийж сурах шаардлагатай.

- Хичээллэхдээ дэндүү их хооллосон эсвэл өлссөн байх нь зохимжгүй.

- Дасгал хөдөлгөөнийг хийхэд биед эвтэйхэн, хөвөн даавуун материалаар хийсэн хувцсыг сонгох хэрэгтэй.

- Хичээллээд олж авсан энергээрээ идэвхтэй амьдрах хэрэгтэй. Үргэлж гэрэл гэгээ, халуун дулаан хайрыг бусдад мэдрүүлж бай. Хүмүүстэй эвтэй найрсаг харилцаж, тэдэнд инээмсэглэл бэлэглэж байвал та бусдад хайр, өөртөө гоо сайхан, эрүүл мэндийг бэлэглэж байна гэсэн үг. Гол нь бие болоод сэтгэлийн зохицлыг олсноор хүн эрүүл энх, гоо сайхан харагдана гэдгийг битгий мартаарай!

No comments:

Post a Comment