Friday, July 3, 2009

Утсаар ярина гэдэг бол...


“Бидний монголчууд утсаар үнэн удаан ярина. Хэлж ярих зүйлээ түргэн шуурхай хэлэхээ мэдэхгүй заавал хүний хаана, юу хийж байгааг асууж шалгаана, хүний алт шиг цагаас хумсална. Зарим нь онцын ярих зүйлгүй байж хүний болоод өөрийнхөө ажлын цагаар шал дэмий зүйл “чалчих” гэж албатай юм шиг залгаад л... Ер нь хэл, сэтгэлгээний сонин бүтэцтэй ард түмэн. Утсаар ярих соёл ч нойл”. Ийнхүү бухимдангуй мөртлөө бас ч үгүй зөв зүйлд санаа зовниж явдаг нэгний бичсэнийг саяхан олж уншсан юм. Нээрээ л бодоод байсан чинь бидний өдөр тутмын харилцааны хамгийн түгээмэл хэлбэрийн нэг болох утсаар бид чинь хэр зөв ярьдаг билээ дээ?! Үнэхээр ч утсаар ярих соёлыг эзэмшсэн боловсон, соёлтой нэг нь байхад үг хэл нь орооцолдоод, хэлж ярихаа ч мэддэггүй зарим нэгэн нь бас байдаг бололтой.
Өнөөдрийн нийгмийн амьдралыг, ялангуяа хот суурин газрынхыг утасгүйгээр төсөөлөхийн аргагүй болжээ. Энэхүү хэрэгцээний хэрээр утасны хэлбэр, загвар, бүтэц байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж, авч явахад эвтэй, авсаархан, сүлжээ сайн барьдаг гээд хүмүүс бидний шаардлагад улам бүр зохицон нийцсээр байна. Орчин үед хүмүүс нүүр тулан уулзахаасаа илүү утсаар ярьж, ажил төрлөө амжуулдаг болсон. Харин утсаар ярихдаа заавал анхаарах, мөрдөх шаардлагатай хэд хэдэн дүрэм байдгийг дор сануулахаар шийдлээ:
Утсаар ярих цагийг зөв сонгох хэрэгтэй. Үдшийн 22 цагаас өглөөний 09 цаг хүртэл болж өгвөл албан хэргээр айлын гэр рүү утасдахгүй байх нь зүйтэй. Ярих хүн тань зав багатай, ажил ихтэй явдаг бол хэзээ, хэдэн цагийн үед түүнтэй холбоо барьж болохыг урьдчилан лавлах хэрэгтэй. Мөн түүнчлэн дөнгөж ажлын өдөр эхэлж байхад эсвэл цайны цагийг нь тааруулан хүнтэй ажил ярихаар утасдах нь тохиромжгүй – өдрийнхөө ажлын хэмнэлд бүрэн ороогүй эсвэл хоолондоо орохоор яарч байгаа хүн таньтай тийм ч дуртай ажил ярихгүй боловуу.
Утсаар залгасан хүн утас авсан хүнтэй эелдэгээр мэндлээд, нэрээ хэлж, хэнтэй, ямар хэргээр ярихаа дуулгах; харин утас авсан хүн мэнд мэдсэний дараагаар, олон зүйлийг асууж шалгаан, сониуч зан гаргалгүйгээр зохих хүнтэй нь яриулах, хэрвээ ярих гэсэн хүн нь байхгүй тохиолдолд дамжуулах зүйл байгаа эсэхийг лавлах эсвэл дараа залгахыг хүсэх хэрэгтэй.
Утас дуугарах үед та завгүй байвал харилцуурыг аван тухайн залгасан хүнийг түр хүлээхийг эсвэл өөр цагт дахин залгахыг эелдэгээр хүсэх нь зөв. “Хэн бэ?”, “Хаанаас ярьж байгаа юм бэ?”, “Юу гэсэн юм??” гэх мэтээр харьцах нь эвгүй. “Уучлаарай, би одоогоор завгүй байна. Та түр азнаад дахин залгахгүй юу?” гэж эелдэг хариулах нь таны харилцааны соёлыг харуулах болно.
Хэрэв таны залгасан дугаарын харилцагч утсаа авахгүй байгаа тохиолдолд түүнийг залхтал нь битгий дуудаарай. Гурав буюу түүнээс дээш удаа дуудаад байх хэрэггүй байдаг. Харилцах хүн чинь завгүй байсан бол таныг дараа залгахад тань авах болно.
Таны залгасан хүний утас автомат хариулагчтай бол та ярих зүйлээ хэт их нуршилгүй яриад, өөрийн нэрийг хэлж үлдээдэг.
Хэрвээ ярих гэж хүссэн хүнтэйгээ холбогдсон бол тухайн хүний цагийг үрэлгүй, олон зүйлийг нуршилгүйгээр өөрт хэрэгтэй асуудлаар товч болон тодорхой зүйлсийг асууж, зохих хариултыг авах хэрэгтэй. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл асууж мэдэх зүйлсийнхээ жагсаалтыг урьдчилан гаргасан байх нь таны болоод нөгөө хүний цагийг хэмнэнэ гэдгийг санаарай.
Ганцаараа яриад байх биш харилцуурын цаана байгаа хүнд ч гэсэн ярих боломжийг олгоорой. Утсаар ярих нь монолог биш харин харилцан яриа гэдгийг санах хэрэгтэй. Шаардлагагүй үед хүний яриаг тасалдуулах хэрэггүй.
Зөв боловсон байж, ямар нэг хараалын эвгүй үгийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Таны дууны өнгө аяс, өндөр нам, хэл ярианы соёл, үг хэллэгийн оновчтой байдал зэрэг тань таны талаарх анхны сэтгэгдлийг харилцуурын цааны байгаа хүнд төрүүлэх болно.
Яриа дөнгөж дуусмагц утсаа бүү тасал. Ингэх нь харилцуурын цаана байгаа хүнийг үл хүндэлсэн, салахын түүс болсон сэтгэгдэл төрүүлнэ. Ажил хэргээ нэгэнт ярьж дууссан бол тухайн хүнд цаг зав гаргасанд эсвэл хэрэгтэй мэдээ, мэдээлэл өгсөнд баярласнаа илэрхийлэн яриаг дуусгана.
Ажлын цагаар, албаны утас ашиглан хувийн хэргээр ярих зохимжгүй.
Зоогийн газар, кино театр, театр, биеийн тамирын зал болон олон нийтийн бусад газарт гар утсаар ярих нь зохимжгүй. Энэ нь юуны өмнө орчноо хүндэтгэх, бусдад саад хийхгүй байх зэрэг олон шалтгаантай холбоотой байдаг учир хэрвээ зайлшгүй ярих шаардлага гарвал бусдад саад бололгүйгээр түр гараад утсаар ярьж болох юм.

1 comment:

  1. Online Casino | No deposit bonus codes | Lucky Club
    Play the best online casino in South 카지노사이트luckclub Africa with a No deposit bonus from Lucky Club. Our online casino is a fun way to make a real money

    ReplyDelete