Friday, July 3, 2009

Үл хүрэгсдийн "үл өөрчлөгдөх" тавилан

Хаа нэгтээ хэн нэгэн таны амьдрал, хувь заяаг аль хэдийнээ тодорхойлсон байдаг... Энэ нь үнэхээр Бурхан багшаас бидэнд тодорхойлж өгсөн амьдралын зам эсвэл аль нэг эрхтэн дархтаны бий болгосон “утга, учиргүй” дүрэм журмын алиныг бүү мэд! Ямар ч байсан Энэтхэг оронд төрсөн хүний хувь заяаг Кастын систем гээч тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, хүнийг төрөхөд л тухайн хүний ирээдүйд хэн болох, юу хийх эрхтэй, эрхгүйг нь аль хэдийн тодорхойлсон байдаг. Кастын систем нь дотроо брахман, кшатрий, вайшья, шудра, ачхут гэсэн хэд хэдэн хэсгээс бүрдэх боловч энэ удаад энэхүү нарийн, төвөгтэй бүтэц бүхий системийн тухай биш харин уг системийн хамгийн доод шатны ачхутууд буюу тэрхүү “үл хүрэгсэд” гэж хочлогдогсдын хувь заяаны талаар бага ч болов өгүүлэх гэсэн билээ.
Ядуу зүдүү амьдрах хувь заяатай төрсөн эдгээр хүмүүс өглөөний ургах нарнаас үдшийн бүрий хүртэл хамгийн хүнд хүчир, бохир заваан ажлыг хийж, бусдын өмнө бөхөлзөж, болохгүй бүхэнд буруутгагдаж амьдрах бөгөөд эдгээр хүмүүсийн юу бодож, юу сэтгэж явдаг нь хэнд ч хамаагүй мэт?! Хувь заяандаа гомдох мөч тэдэнд ер нь байдаг боловуу? Эсвэл гомдоллох эрхгүй амьдрал гэдэг нь энэ юм боловуу?
Үл хүрэгсдийг хинди хэлээр ачхут нар гэх бөгөөд тэдгээрийн тоонд гудамж, талбайн хог хаягдал цэвэрлэгчид, загасчид, махны худалдаачид, биеэ үнэлэгчид, тэнэмэл жүжигчид, гудамжинд гар урлал эрхлэгчид гээд биеийн хөдөлмөр шаардсан, бохир заваанд тооцогдох бүх л төрлийн ажил эрхлэгчид хамаарна. Кастын системийн оршин тогтносон урт удаан хугацааны туршид эдгээр хүмүүст хамгийн их дарамт болсоор ирсэн нэг зүйл бол тэдний “цаанаасаа тодорхойлогдсон” тэрхүү ядуу зүдүү амьдрал биш харин нийгмийн тусгаарлал, доромжлол байсан юм! Үл хүрэгсдийн дунд төрсөн л бол энгийн хоолны газар ороод хооллох, гоё ганган хувцаслаад явах, газар тариалан эрхлээд амьдралаа дээшлүүлэх, мэдлэг боловсрол эзэмших гээд бүх зүйл тэдэнд хориотой. Учир нь тэд үл хүрэгсэд; учир нь тэдний хийдэг бохир заваан ажлын “хир буртаг” нь бусдыг “бузарлаж” явдаг болохоор...
Мэдээж хэрэг, аливаа ёс уламжлал, зан заншилд ямар нэг тайлбар, шалтгаан байдагтай адил дээрх утгатай ч юмуу утгагүй ч юмуу гэмээр зүйлд мөн адил өөрийн гэсэн тайлбар бий. Энэтхэг шиг эрүүл ахуйн асуудал чухлаар тавигддаг газар хамаг л бохир заваан гэгдэх ажлыг хийдэг үл хүрэгсдийг халдварт өвчин, аливаа нян вирусыг тээгчид гэж үздэгтэй холбоотойгоор тэднээс аль болох хол байхыг, тэдэнд хүрэхгүй байхыг хичээдэг. Гэвч зарим тохиолдолд болон зарим газарт, жишээ нь Энэтхэгийн өмнөд хэсгийн зарим мужуудад хөөрхий тэдгээр хүмүүсийн зүг рүү харах эсвэл сүүдэр нь тусахад л ямар нэгэн “аймшигтай” зүйл болох мэтээр үзэж хэт их туйлширдаг хүмүүс ч байдаг.
Яагаад энэ хүмүүс хэдэн зуун жилийн туршид энэхүү утгагүй, шударга бус дүрэм, журмын дагуу амьдарч, бараг л хүний тооноос хасагдаж, хувь заяандаа хүлцэнгүйгээр захирагдан амьдарсаар ирсэн юм бол гэдэг асуулт өөрийн эрхгүй урган гарч ирэх юм. Хариултын гол нь энэтхэгчүүдийн сүсэг бишрэлтэй яах аргагүй холбоотой. Нийт хүн амын 80-аас илүү хувь нь индуистууд байдаг бөгөөд энэхүү шашны гол үндэс нь дхармагийн үзэл санаа байдаг. Энэ нь нилээд өргөн утга санааг өөртөө агуулдаг бөгөөд ёс зүй, үүрэг хариуцлага, хүний эрх, эрх чөлөө гээд нийгмийн олон чухал хэм хэмжээнүүдийг өөртөө багтаасан байдаг. Хүн өөрт ноогдсон тэрхүү ажил үүргийг дуулгавартай, сайн хийж гүйцэтгэвэл дараагийн буюу хойд насны амьдрал нь аз жаргалтай байна гэж үздэг. Гэгээрэхийн тулд заавал сүм хийдэд шавилан сууж, олон цагийн мөргөл хийх шаардлагагүй. Зөвхөн өөрийн дхарма буюу хувь тавиланг дагаж, эцэг эх, өвөг дээдсийн замаар л үнэнч шударгаар замнан явах хэрэгтэй. Дхармаг эсэргүүцсэн хүний дараагийн амьдрал нь зовлон, зүдгүүрээр дүүрэн байдаг. Ийм ч учраас шашин шүтлэгтээ үнэнч эдгээр хүмүүсийн хувьд өөрсдөдөө ноогдсон хувь тавиланг ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр хүлээн авч, түүнийхээ дагуу амьдрахаас өөр сонголт байхгүй. “Үл хүрэгсдийн нэг болж төрсөн үү? Тэгвэл урьд насандаа их нүгэл хийжээ. Хэрвээ энэ насандаа өөрт тохиосон хувь тавиланг байгаагаар нь хүлээн авч, хийх ёстой зүйлээ дуулгавартай хийж гүйцэтгэн урьд насны нүгэлээ наманчилж чадвал дараа дараагийн амьдралдаа илүү их аз жаргалыг олж, кастын системээр дээш ахин төрж болно” – дэндүү энгийн бас ойлгомжтой!!!
Мэдээж хэрэг цаг хугацаа өөрчлөгдөж байна, түүнийг дагаад кастын системд ч зохих өөрчлөлтүүд орсоор...19р зууны сүүл үеэс кастын системийг эсэргүүцэгчид олноор бий болсон. Хамгийн анхны бодит өөрчлөлтүүдийг хийж чадсан нэгэн бол Бхимрао Рамджи Амбедкар байлаа. 1893 онд төрсөн тэрээр өөрийн уйгагүй оролдлогын ачаар боловсрол эзэмшиж чаджээ. Үл хүрэгсдэд зориулсан тусгай сургууль гэж байгаагүй тэр үед бараг ид шидийн гэмээр зүйл түүнтэй тохиолдож тэрээр өөрийн эцгийн тусламжтайгаар нэгэн бага сургуулийн хичээлд сууж байх эрхийг олж авчээ. Хүүд багш нар болоод сурагчидтай харилцахыг хориглож, тэднээс хол суулгадаг байсан ч энэ нь түүнд өөрт хэрэгтэй мэдлэгийг олж авч хожим нь Бомбейн их сургуульд элсэн ороход нь саад болж чадаагүй юм. Их сургуульд амжилттай суралцаж байсан түүнийг гадаадад суралцуулахаар явуулсан бөгөөд Англи, Герман, Америк зэрэг орнуудын их дээд сургуульд сурч мэргэжил эзэмшин, докторын зэрэг хамгаалсан тэрээр эх орондоо эргэж ирэхдээ Хууль зүйн яамны сайдын албан тушаалд томилогдсон байна. 1936 онд Махатма Гандигийн тусламжтайгаар Энэтхэгийн эрх барих дээд шатны байгууллага болох Хууль батлах их хуралд үл хүрэгсэд тодорхой хэмжээний суудал эзлэх эрхийг олж авсан бөгөөд “үл хүрэгсэд” хэмээх үгийг халж, оронд нь “хариджане” буюу бурхны хүмүүс хэмээх нэрийг хэрэглэхээр болгожээ.
Гэвч Амбедкара, Ганди нарын цаашдын зам нийлээгүй бөгөөд учир нь нэг нь кастын системийг үр үндсээр нь алга болгохыг хүсэж байсан, нөгөө нь зөвхөн кастын системтэй холбоотой хэт их туйлширмал байдлыг арилгахыг эрмэлзэж байсантай холбоотой байв. 1940-өөд оны сүүлээр Амбедкара Энэтхэгийн шинэ үндсэн хуулийг зохиоход оролцож байсан бөгөөд түүний хүчин чармайлтын үр дүнд доод шатны кастуудын эрх ашгийг хамгаалсан зүйл, заалтууд тус хуульд багтжээ. Үндсэн хуулийн ачаар нийт хүн амын 16%-ийг эзэлдэг хариджанууд сүм хийд, дэлгүүр хоршоо, бусад үзвэр үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх, боловсрол эзэмших, төрийн эрх барих дээд шатны байгууллагуудад өөрсдийн дуу хоолойг өргөн, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй болсон байна. 1997-2002 онд Энэтхэгийн Ерөнхийлөгчөөр үл хүрэгсдийн дунд төрсөн Кочерил Раман Нараянан сонгогдон ажиллаж байсан нь олон зүйлд гарсан өөрчлөлтийг харуулж чадахаар жишээ боловуу.
Гэвч Үндсэн хууль хүртэл олон мянган жилийн туршид үйлчилж ирсэн кастын системийн тогтолцоог эвдэж, энэхүү системийн хууль, дүрмүүдийг чухалчлан үздэг энгийн хүмүүсийн ухамсарт өөрчлөлт оруулж чадаагүй билээ. Тиймээ, үл хүрэгсэд кафе юмуу зоогийн газар орох эрхтэй, гэвч тэдэнд зориулагдсан тусгай аяга, таваг гэж бий. Тэд дэлгүүрээс юу ч худалдан авч болно, гэхдээ бусадтай адил биш: мөнгөө дэлгүүрийн босгон дээр тавиад, авах зүйлээ мөн адил босгон дээрээс нь аваад харина. Тэдний үр хүүхэд сургуульд сурах эрхтэй, гэвч өөрөө өөрсдөдөө ус аягалаад уух боломжгүй: усыг “бузартуулахгүйн” тулд өөр кастын хэн нэгэн түүнд туслахаас нааш ус хийж авах эрхгүй!
Хангалттай боловсролтой биш хүмүүс одоог хүртэл үл хүрэгсдээс “бузартахаас” айн, тэднийг тойрч явах бөгөөд энэ бүгд шашны гэхээсээ илүү бас өдөр тутмын амьдралын практик ач холбогдол бүхий зүйлсээр тайлбарлагдаж болох мэт: Хэрвээ доод кастынхан нэг л өдөр хяналтаас бүрэн гарч чадвал тэдний өмнөөс хамгийн муу муухай, бохир заваан ажлыг хэн хийх болж байнаа? Ямар ч байсан дээд кастынхан дундаас сайн дураараа нүх ухаад эсвэл хог цэвэрлээд зогсох хүн байхгүй боловуу. Ер нь хариджануудтай холбоотой асуудал одоог хүртэл Энэтхэгийн нийгэмд хурцаар тавигдаж буй асуудлуудын нэг бөгөөд нэгэнт л энэхүү “урьдчилан бичигдсэн хувь заяа”-г өөрчлөх боломжгүй юм бол шашин шүтлэгээ өөрчлөөд ч гэсэн өөрсдийн хувь заяаны эзэд болохыг оролдож байгаа олон олон залуучууд байгаа билээ. Тэдгээрийн олонх нь буддизм, лал болон христийн шашинтангууд болж байгаа бөгөөд үнэхээр ч лалын шашинтан хүн хаанаас ч ус аваад хэрэглэх боломжтой бол үл хүрэгсэд дунд төрсөн хүн энэхүү эрхийг зөвхөн цаасан дээрээс л хардаг. Хэзээ нэгэн цагт шударга бус бүхэн өөрчлөгдөх боловуу?!
Зарим зурагнуудын тайлбар (надад байгаа ганц хоёр зурагнуудын тайлбарыг энд бас оруулчихлаа):

1 comment:

  1. How to make money from online casino gambling - Work Tomake
    How to make money from online casino 메리트카지노 gambling worrione · Know your options งานออนไลน์ · Make the right decision · Find the right person for you · Betting Odds · Bet in Sports

    ReplyDelete