Friday, July 3, 2009

Бид мэндлэхдээ, танилцахдаа, гар барихдаа...

Саяхны нэг өдөр тааралдсан таксины жолооч саарал дээлтэй, урт сахалтай өвөө намайг суумагц л “За сайхан хаваржиж байна уу, хүүхээд! Хаанаас хаа хүрэх гэж явна вэ? Ажил төрөл нь тавлаг биз дээ?” гээд л ховорхон сонсдог болсон тэрхүү мэндчилгээний үгсийг ёстой л нэг урсгаж гарав. Өдөр тутмынхаа амьдралд бараг хэрэглэхээ больчихсон эдгээр үгсийг сонсоод эхлээд “юу гэх билээ!” гэж хэсэг бодсоноо хүртэл нуугаад яах вэ!! Үнэндээ залуус бид өдөр тутамдаа “Юу байна?” “Юмгүй дээ!”, “Hi, wassup” гээд л нэг л их “юм” байгаа байхгүйгээ ярьцгаасан, нэг л их гадаад үг хэллэг хэрэглэсэн хүмүүс болчихож! Монгол сайхан ёс заншлаараа мэндлэх, мэнд мэдэх гэж юу байдгийг ч бараг мартчихсан хүмүүс! Гэтэл санаандгүй тааралдсан таксины жолооч өвөөгөөс “монгол ардын мэндлэх, мэндчилэх ёсны тухай” бага зэргийн лекц сонсоод буусан гэхэд дэгсдүүлсэн хэрэг болохгүй боловуу.
Ахмад настангууд маань мэнд мэдэх төдийд л олон зүйлийн тухай мэдээд авчихдаг, тухайн хүнийг хэн бэ гэдгийг нь хүртэл тодорхойлж чаддаг улс. Монголчууд бидний дунд “Таны амар амгаланг айлтгая”, “Амар сайн байна уу?”, “Таны бие лагшин тунгалаг уу?” гэх зэргийн нийтлэг мэндчилгээ байхаас гадна цаг улирал, ахуй байдал, ажил үйлсэд зохицсон мэндчилгээ хүртэл байдаг: “Тавлаг сайхан зусч байна уу?” гэхэд “Сайхан зусч байнаа. Та тавтай сайхан зусч байна уу?” хэмээн хариу мэндэлдэг. Гэтэл бид чинь энэхүү ёс заншилаа хадгалж чадаж байна уу үгүй юу гэдэг бас л эргэлзээтэй болжээ. Тэгээд ч залуучууд бид “төлөв төвшин, бүрэн мэндэлж чадахгүй”, “ёс мэдэхгүй”, “мэндийн зөрөөгүй амьтан” хэмээн ахмадууддаа хааяа зэмлүүлэх нь арга ч үгүй биз. Өнөөгийн залуус бид хүмүүс хоорондын найрсаг харилцааны хамгийн эхний бөгөөд энгийн хэлбэрийн нэг болох соёлтой боловсон мэндлэх, мэндчилэх ёсыг өөртөө хэвшүүлж чадсанаар нийгэмд эзлэх өөрийн байр суурь хийгээд бусадтай харилцах харьцаандаа ч олон чухал зүйлсийг шинээр нээх боломжтой болох юм. Тиймээс ч мэндлэх, мэндчилэх, танилцах тэрхүү түгээмэл ёсны талаар хэдэн зөвлөгөөг танд хүргэхээр шийдлээ.
Хүмүүс бие биетэйгээ уулзахдаа найрсагаар мэндчилэн бие биедээ харилцан хүндлэл үзүүлдэг. Мэндчилгээндээ өөрийн найрсаг, нөхөрсөг байдлыг аль болох түлхүү харуулахыг оролдох хэрэгтэй бөгөөд мэндчилгээний үгийг яаралгүй, товч бөгөөд тодорхой хэлнэ. Дэлхийн олон оронд мэндчилгээний үндсэн төрлүүд нэг их ялгаагүй байдаг: өглөөний, өдрийн, оройн мэнд мэдэх, өдрийн ажилд амжилт хүсэх, сайхан хооллохыг ерөөх гэх мэт.
Тогтсон түгээмэл ёсны дагуу эрэгтэй, насаар дүү, доод тушаалынх нь хүн эхэлж мэндлэх ёстой боловч гар барихдаа эмэгтэй нь, ахмад нь, ахиу албан тушаал хашиж байгаа нь эхэлж гараа өгөх заншилтай байдаг. Өөрөөр хэлбэл, танилцуулагдаж буй хүн эхэлж гараа сунган мэндэлдэггүй. Гар барьж мэндлэхийг танилцаж буй хүн эхэлж санаачилна.
Хуран цугларсан олны дунд хамгийн сүүлд үүдээр орж ирсэн нь бусдынхаа амар амгаланг айлтгана. Айлд зочилж очоод юуны өмнө гэрийн эзэгтэйтэй, гэрийн эзэнтэй харин хамгийн сүүлд бусад уригдагсадтай мэндчилнэ.
Гэрийн эзэн уригдан ирсэн зочдыг танилцуулах үүрэг хүлээдэг. Эхлээд өөрийн талын хүмүүсийг танилцуулсаны дараа гол зочин өөрийн дагалдаж яваа хүмүүсийг танилцуулна. Хэрвээ төр засгийн тэргүүлэгчид оролцож байгаа бол тэдэнд гол гол хүмүүсийг нэр, албан тушаалаар нь дуудан танилцуулна. Бусад уригдагсдыг танилцуулахдаа доод буюу бага тушаалтныг дээд тушаалтанд нь, эрэгтэйг нь эмэгтэйд, залуугий нь ахмадад, өөрийн хүмүүсийг гадны хүмүүст, олонд танил бус хүнийг бусдад нь гэх зарчмаар танилцуулдаг.
Гадаа гудамжинд дайралдах үед эрэгтэй хүн эхлээд эмэгтэй хүнтэй мэндлэн эсвэл түрүүлж толгой дохин өнгөрнө. Хэрвээ хэн нэгний араас нь гүйцэж очин мэндчилж байгаа бол эрэгтэй, эмэгтэйгээс үл шалтгаалан гүйцэж очиж буй хүн түрүүлж мэндэлнэ.
Эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй мэндлэхдээ гараа халааснаасаа гаргаж, аман дахь тамхиа авдаг. Эмэгтэй толгойгоо бага зэрэг бөхийлгөн мэндчилэх бөгөөд заавал гараа халааснаасаа авах шаардлагагүй.
Дэлхийн олон оронд эмэгтэй хүнтэй мэндлэхдээ гарыг нь үнсэх ёс байдаг. Ихэвчлэн нөхөрт гарсан, бэлбэсэн эмэгтэй болон шашны өндөр зиндааны хэргэмтэн нарын гарыг үнсдэг бөгөөд ингэхдээ гарыг нь дээш өргөх бус харин өөрөө доош бөхийн үнсэнэ.
Мэндлэхдээ тухайн хүнийг хүндэлж байгаагаа харуулахын тулд суудлаасаа өндийн босдог. Эрэгтэй хүн ямар ч тохиолдолд суудлаасаа босон мэндчилнэ. Настай эрэгтэй хүмүүс суудлаасаа мэндчилж болох ч энэ тохиолдолд заавал толгой дохих ба эмэгтэй хүнтэй мэндчилж байгаа бол үл ялиг өндийн мэндчилнэ. Эмэгтэйчүүд суудлаасаа босохгүй байж болох ч залуу эмэгтэй настай хүнтэй мэндлэхдээ босож мэндчилнэ.
Эмэгтэйг суусны дараагаар эрэгтэй хүн эргэн суудалдаа сууна. Үүнтэй яг адил ахмад хүний дараагаар залуу нь, дээгүүр албан тушаалтай хүний дараагаар доогуур албан тушаалтай нь суудалдаа сууна.
Танилцахад гар барих мөн нарийн утга учрыг өөртөө агуулж байдаг. Дээр үед хэн нэгэнтэй мэндлэхдээ баруун гараа өгсөнөөр “надад зэвсэг байхгүй” гэдгээ харуулдаг байв. Өнөө үед гар барилт нь ямар ч мэндчилгээний салшгүй нэг хэсэг болсон билээ. Гэхдээ өөрийн хэлбэрээс хамаараад янз бүрийн утгыг агуулсан байж болдог.
Гараа итгэлтэйгээр, урагш шулуун байрлалд сунган мэндчилэх нь бие биенийгээ харилцан хүндэтгэдэг, ижил тэгш хүмүүс мэндчилж байгаагийн шинж. Гараа итгэлтэйгээр гэхдээ бас эелдэг соёлтой байдлаар сунган мэндчилж байгаа хүн өөртөө итгэлтэй, юу хүсэж байгаагаа мэддэг, гэхдээ бас бусдыг хүндэтгэн сонсож чадах хүн байдаг.
Гар барилт нь нэг л идэвхгүй санагдаж, бид ямар нэг хөдөлгөөнгүй мод атгачихаагүй гэдгээ мэдрэхийн тулд өөрсдийн зүгээс бага ч гэсэн идэвх гаргах шаардлагатай болдог тэр үед өөрийн хүсэж буй зүйлээ авч сурсан, хатуу чанд ёс баримтлагч нэгэнтэй гар барьж байна гэсэн үг бөгөөд тэрээр хэрэгтэй үед бусдын биш харин өөрийн ашиг сонирхлыг дээгүүрт тавих хүн юм. Гар барихдаа нэг л “эзэрхэг”, зарим тохиолдолд гараас нь арай ядан мултрах шаардлагатай болдог бол бусдаас их зүйлийг хүсэж, шаарддаг, өөрийн гарт орсон зүйлийг тийм ч амар тавьж явуулахгүй зантай нэгэнтэй таарсан байна гэж ойлгож болно.
Мөн алганы байрлалаас хамааран ямархуу төрлийн гар барилт болохыг нь тодорхойлж болно. Жишээ нь, таны гарыг атгахдаа алгыг тань доош харуулан атгасан бол тухайн хүн харилцаандаа давамгайлах үүргийг гүйцэтгэх сонирхолтой байгаагаа илтгэж буйн шинж. Харин эмэгтэй хүн таньтай гар барихдаа алгаа доош нь харуулан гараа өгсөн бол харин ч танаас тусламж, дэмжлэг гуйж буйн илрэл бөгөөд нэг ёсны гараа үнсүүлэх гэсэн цаад утгатай ч байж болох юм.
Гараа нугалалгүй шулуунаар нь өгч гар барьж байгаа бол энэ нь үл хүндлэлийг харуулж байна гэж ойлгож болно. Зөвхөн гарын хуруугаараа гар барих нь бас л таагүй гар барилтын нэг хэлбэр. Ийнхүү гар барьж буй этгээдийн гол зорилго нь харилцан ярилцагчаасаа тодорхой хэмжээнд зай барих явдал.
Мөн гар барихад хүний бие ямар байрлалтай байгааг анхаарах нь олон зүйлийг ойлгоход тустай. Жишээ нь, гар барихдаа биеэ бага зэрэг урагшлуулан тонгойсхийж байгаа бол таньтай харилцах сонирхолтой, таньд найрсаг хандаж буйн илрэл юм. Харин гар барихдаа бие нь цэх шулуун байрлалд эсвэл бүр гэдийсэн бол таньтай нэг л хол зайнаас ихэмсэг байдлаар мэндчилж буйн шинж.
Хоёр гараа оролцуулан мэндлэх явдал бас түгээмэл байдаг. Ийнхүү гар барьж буй хүн нь өөрийн илэн далангүй, шударга байдлыг илтгэж байгаа бөгөөд түүнд итгэж болохыг харуулна. Ийм гар барилтын үед нэг бол эхлээд баруун гараараа нөгөө хүнийхээ гарыг атгаад, харин зүүн гараа баруун гар дээрээ давхарлан тавих эсвэл баруун, зүүн аль аль гараараа нөгөө хүнийхээ гарыг зэрэг атгана. Эсвэл баруун гараараа мэндчилж буй хүнийхээ гарыг атгаад, зүүн гараа тохой юмуу мөрөн дээр нь тавьж болох бөгөөд энэ нь илүү найрсаг, нөхөрсөг харилцааг илтгэн харуулна. Ийм төрлийн гар барилтыг ихэвчлэн найзууд, сайн танил хүмүүс хоорондынх гэж хэлж болох ч зарим улс төрчид ийм төрлийн гар барилтыг бараг өдөр тутамдаа хэрэглэдэг.
Албан бус хэлбэрийн өөр хэд хэдэн гар барилтын төрөл байдаг. Жишээ нь тухайн хүн гар барихдаа холоос гараа далайн байж гар барьж байгаа бол энэ нь тухайн хүний өөрийн үзэл бодлыг тулгах гэсэн эсвэл зүгээр л энгийн нөхөрсөг байдлыг нь харуулдаг. Гар барилцахын оронд алгаараа харилцан шүргэлцээд өнгөрөх нь найзууд, залуучууд дунд элбэг байдаг бөгөөд энэ нь ихэвчлэн хамтын ажил бүтэмжтэй болсон сэтгэл ханамжтай байдлыг илтгэдэг.
Мөн гар барилтыг хэр удаан үргэлжилж байгаагаас нь хамааран ангилж болно. Богино хугацаанд үргэлжилж буй итгэл муутайхан гар барилт нь тухайн хүний хайхрамжгүй байдлыг илтгэнэ. Удаан болоод чийгтэй гар барилт нь их сэтгэл хөдөлсөнтэй холбоотой байж болно. Бага зэрэг сунжирсан ч инээмсэглэн, эелдэгээр харан гар барих нь найрсаг, нөхөрсөг байдлыг илтгэнэ. Гэхдээ ер нь гар барихдаа нөгөө хүнийхээ гарыг хэтэрхий удаан барих нь зохимжгүй бөгөөд ингэснээрээ өөрийгөө ч, бусдыг ч эвгүй байдалд оруулж болзошгүйг анхаараарай.
Гар барихдаа ямар орны хүмүүстэй харилцаж байгаагаа санах нь зүйтэй. Азийн орнуудад бол удаанаар, чанга атган мэндчилэх нь зохимжгүй. Харин Баруун Европынхон болон америкчуудын хувьд үлбэгэр, сул дорой гар барилтыг тийм их таашадаггүй бөгөөд хүчтэй, итгэлтэй гар барилтыг илүүд үздэг.



No comments:

Post a Comment