Эрт дээр үеэс хүмүүс цэцгийг дээдлэн хүндэлж, өөрсдийн дотоод сэтгэлийн илрэл болгон бусдад бэлэглэсээр ирсэн билээ. Эртний Грекд сарнай, лиш, нарцисс, сараана, хонин нүдэн цэцэгсээр дүүрэн үзэсгэлэнт цэцэгсийн хүрээлэнгүүд байдаг байсан бол Эртний Египет, Месопотамийн цэцэрлэгчид бүх л жилийн туршид сарнай, май, хонхлой, намуу цэцэгсийг тарьж ургуулдаг байжээ.
Хүн төрөлхтний хамгийн урт удаан хугацааны туршид тарьж ургуулсаар ирсэн цэцэгсийн нэг бол яах аргагүй сарнай юм. Сарнайг одоогоос 5000 гаруй жилийн тэртээ тарьж байсан гэдэг.
Домогт гардгаар бол хайр дурлалын охин тэнгэр Афродита царайлаг сайхан Адонисд ухаангүй дурласан бөгөөд хайр дурлалдаа үнэнч тэрээр Адонисын дэргэд үргэлж байж, шархадсан зэрлэг амьтны хурц шүдэнд тас татагдан үхэх мөч хүртэл нь түүнд үнэнч хэвээр байсан гэдэг. Уй гашуу, ганцаардалд автсан Афродита өөрийн мөнхийн хайр сэтгэлийн илэрхийлэл болгож Адонисын шарил дээр нэгэн ер бусын сайхан, сэтгэл татам цэцэг болон ургасан бөгөөд үнэнч хайр дурлал, гоо сайхан бүхний бэлэгдэл болсон энэхүү цэцгийг дэлхийн олон хэлнээ роза буюу сарнай хэмээн нэрлэдэг.
18р зууны эхээр Шведийн хаан Карл 2 Перс орноор айлчилж ирснийхээ дараагаар Европт нэгэн шинэ зүйлийг нэвтрүүлсэн нь цэцэг, цэцэг барих ёс байв. Тэр үед Европт цэцэгсийн талаар, тэдгээрийн төрөл зүйлс, онцлогийн тухай тусгай толь бичгүүдийг хүртэл гаргаж байсан бөгөөд цэцгийн баглаа хийх урлагийн талаар бүх л бүтэн номыг хүртэл бичиж байжээ.
Хэрвээ цэцэгсийг хайрлан, энхрийлж, тэдний анхилуун үнэрийг мэдэрч, тэдэнтэй ярилцах юм бол тэд бидэнд амьдралын эрч хүчийг өгдөг гэдэг. Зарим тохиолдолд цэцэгсийн хэл хүмүүс бидний үг хэл, үйл хөдлөл, нүдний харцнаас илүү ойлгомжтой, яруу тод байх нь ч бий.
Цэцэг бүр өөрийн гэсэн зориулалттай, өөрийн гэсэн утга учрыг агуулж байдаг. Гэхдээ улс орон бүрт цэцгийн зориулалт, утга агуулга өөр байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Дэлхийн олон оронд хайр сэтгэлийн бэлгэдэл сарнай байдаг. Тэгвэл Англид дурлалт хосууд бие биедээ хонин зангуу цэцгийг бэлэглэдэг бол хятадууд цээнэ цэцгийг бэлэглэдэг байна.
Европын олон оронд ариун гэгээн хайрын бэлгэдэл болох цагаан акация цэцгийг хуримын бэлэг болгон бэлтгэдэг. Эртний Германд гэр бүлийн сайн сайхан, аз жаргалын бэлгэдэл бол май цэцэг гэж үздэг байжээ. Япон болон Европын ихэнх орнуудад хризантема уй гашуйг илэрхийлдэг бол зарим орнуудад энэхүү цэцгийг өвчин зовлонг холдуулах шидтэй гэж үздэг. Англичууд хайртай бүсгүйдээ алаг нүдэн цэцэг бэлэглэх дуртай байдаг ба энэхүү цэцэг нь нуугдмал сэтгэлийг илчилнэ гэдэг.
Зарим хүмүүс цэцгийн баглаа бэлэглэх дуртай байдаг бол зарим нь зөвхөн ганц, хоёр ширхэгээр нь бэлэглэхийг илүүд үздэг. Гэвч ямар цэцгийг ямар тохиолдолд, яаж бэлэглэх вэ гэдэгтэй холбоотой тусгай цэцэг барих соёл гэж байх бөгөөд хэрвээ та хайртай ханьдаа, найз бүсгүйдээ, энхрий охиндоо, ачтан багшдаа гээд хэн нэгэнд цэцэг бэлэглэх гэж буй бол тухайн хүндээ тохирсон, түүнд хамгийн их таалагдах зөв сонголтыг хийж сурах хэрэгтэй.
Хэрвээ та ганцхан ширхэг цэцэг бэлэглэхээр шийдсэн бол тухайн цэцэг тань хэмжээгээрээ том байх хэрэгтэй. Жишээ нь сарнай, лиш, хризантема, сараана, гладиолус гэх мэт цэцэгсийг ганц ширхэгээр нь бэлэглэхэд тохиромжтой.
Мөн цэцэг бэлэглэх гэж буй хүнийхээ нас, хүйс, нийгмийн байр суурь зэргээс гадна цэцэг бэлэглэх шалтгаан, нөхцөл зэргийг сайтар харгалзан үзсэний үндсэн дээр зөв сонголтыг хийх боломжтой юм.
Охидод хагас дэлбээлсэн, зөөлөн, анхилуун үнэртэй цэцэгсийг сонгох нь тохиромжтой. Жишээ нь ягаан, шар өнгийн сарнай, улаан лиш цэцэг, май, хонхлой цэцэг, цагаан хризантема гэх мэт. Залуу бүсгүйд ид сайхан цэцэглэсэн улаан сарнай, гладиолус, алтан зул, лиш цэцэг, хризантема, гоодаль, мандарваа цэцэгсийг бэлэглэх хэрэгтэй. Харин настай эмэгтэйд бол тансаг чамин, хэт хурц, тод биш ч гэгээлэг өнгийн цэцэгс бэлэглээрэй (мөн түүнчлэн цэцгийн саванд хийсэн таримал цэцэгс ч байж болох юм).
Анхны болзоондоо нил цэцэг, хонгорзул, балжингарма эсвэл хонин нүдэн цэцэгсийн энгийн баглаа авчрах нь тохиромжтой. Ямар нэгэн хүндэтгэлийн арга хэмжээнд л орох гээгүй бол аварга том баглаа цэцэгний шаардлага байхгүй. Цэцгээ барихдаа заавал дээш нь харуулан барих ёстой гэдгээ битгий мартаарай. Мөн хэзээ ч гандаж, муудсан цэцэг бэлэглэж болохгүй!
Сүй тавихад шар өнгийн сарнай, цагаан, ягаан өнгийн лиш цэцгийг ихэвчлэн сонгодог. Сүйт залуу сүйт бүсгүйнхээ гэрт анх удаа зочлон очиж байгаа бол сүйт бүсгүйнхээ ээжид болон сүйт бүсгүйдээ хоёуланд нь баглаа цэцэг аван очих хэрэгтэй. Сүйт бүсгүйн ээжид сараана эсвэл хризантема цэцгийн баглаа барьж болох бол хайртай бүсгүйдээ хагас дэлбээлсэн цэцэгсийн баглаа бэлдээрэй.
Саяхан ээж болсон эмэгтэйд хэрвээ охин төрүүлсэн бол ягаан эсвэл улаан өнгийн цэцэгс (сарнай, лиш гэх мэт), харин хүү төрүүлсэн бол хөх, цэнхэр эсвэл гүн ягаан өнгийн (нил цэцэг, хонин зангуу гэх мэт) цэцэгс бэлэглэж болох юм. Ихэр хүүхдүүд төрүүлсэн бол хоёр ижил цэцгийн баглаа бэлэглэх нь ч бий.
Төрсөн өдрийн баяраа тэмдэглэж буй хүнд тухайн хүний дуртай цэцгийн баглааг барих нь зүйтэй. Харин өндөр насныхаа ойг тэмдэглэж буй настай хүнд үнэтэй, гоё сайхан баглаа цэцгийг сонгох хэрэгтэй. Энэ тохиолдолд ихэвчлэн сагстай цэцэг бэлэглэдэг. Сагсанд цэцэгнээс гадна жимс, жимсгэнэ, чихрийн цуглуулга эсвэл амтат дарс ч байж болно.
Баглаа цэцгийг сонгохдоо цэцэгсийн өнгөний зохицол, харагдах байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй: баглаанд улаан өнгө зонхилсон байх нь ёслол хүндэтгэлийн, баяр баясгалангийн шинжийг илтгэдэг бол цагаан өнгө давамгайлах нь цэвэр ариун байдлыг, шар, улбар шар өнгө - дулаан халуун сэтгэл, гэрэл гэгээг, цэнхэр өнгө харилцан итгэлцлийг харуулдаг байна.
Цэцэг сонгохдоо түүний өнгөний утга учрыг сайн ойлгож байх шаардлагатай.
Улаан цэцгийг өөрийн хайрлан хүндэлдэг дотныхоо хүнд (гэр бүлийн гишүүн эсвэл найздаа) бэлэглэдэг. Гүн улаан бол илүү гүн гүнзгий хайр дурлалыг илтгэх бөгөөд зөвхөн хайртай бүсгүйдээ бэлэглэхэд тохиромжтой.
Ягаан өнгийн цэцгийг ямар ч насны хүнд ямар ч тохиолдлоор бэлэглэж болно. Ягаан өнгийн цэцэгсийн баглаа “Би танд сайн ханддаг” эсвэл “Та надад таалагддаг” гэдгийг илэрхийлдэг. Мөн тод, гэгээлэг өнгийн цэцэгс багтсан цэцгийн баглааг хэнд ч гэсэн бэлэглэж болно. Учир нь тэд сэтгэл санаа сэргээж, баяр баясгалан авчирдаг.
Цагаан өнгийн цэцэгсийг хурим найр гэх мэт аливаа ёслолын арга хэмжээнд хэрэглэдэг. Харин яргуй, балжингарам, хонхлой гэх мэт тал хээрийн цэцэгсийг залуу охидод ямар ч баяраар бэлэглэж болно. Эдгээр нь залуу нас, цэвэр ариун байдлын бэлгэдэл.
Зарим улс оронд цагаан сараана цэцгийг гашуудлын цэцэг гэж үздэг бөгөөд ийм цэцгийг хөгшин, настай хүнд хэзээ ч бэлэглэж болохгүй. Мөн эмнэлэгт өвчтөн эргэж очих гэж байгаа бол цагаан өнгийн цэцгийн оронд өөр гэгээлэг, тод өнгийн цэцэг авч очсон нь илүү боловуу.
Жүжигчид, дуучид гэх мэт урлагийн хүмүүст шар өнгийн цэцэгс бэлэглэж болно. Учир нь энэ нь гэрэл гэгээ, амжилтын өнгө юм.
Одоо үед хараас авхуулаад ногоон, хөх хүртэл олон төрлийн шинэ цэцэгсийн сортууд гарчээ. Хүнд өнгийн цэцэгсээр цэцгийн баглаа хийхдээ өөр бусад гэгээлэг өнгийн цэцэгс оруулах нь таны баглааг илүү гоёмсог харагдуулна. Ногоон өнгө итгэл найдвар харин хар бол таны зүрх сэтгэлийн гунигийг илтгэдэг. Хэрвээ хүнд өнгийн цэцэгсийг сонгохоор шийдсэн бол баглаа тань таны сэтгэлийн гүн дэхь мэдрэмжийг илтгэсэн, өргөн утга агуулгатай байх боловуу.
Ер нь цэцгийг ямар ч үед хэнд ч гэсэн бэлэглэж болох бөгөөд энэ нь хүний хайр сэтгэл, халамж энхрийлэл, талархал дэмжлэгийг илэрхийлж чадах сайхан бэлэг болдог билээ.
Цэцэг бэлэглэхэд анхаарах зүйлс
- Эрэгтэй хүнд урт иштэй цэцэгс бэлэглэх нь тохиромжтой. Жишээ нь сарнай, лиш, хризантема гэх мэт. Ямар ч тохиолдолд жижиг цэцэгсээр хийсэн баглаа бэлэглэдэггүй.
- Өвчтэй хүнд цэцэг бэлэглэх бол аль болох хурц биш, зөөлөн үнэртэй, удаан амьдрах чадвартай цэцгийг сонгох хэрэгтэй бөгөөд өвчтөнд саад болохооргүй мөн амархан унахааргүй газар тавих хэрэгтэй.
- Эхнэр, нөхрийн хамт айлд зочлон очихдоо гэрийн эзэгтэйд баглаа цэцгийг нөхөр нь барина. Цэцгийг зүүн гартаа барих бөгөөд баруун гараараа гэрийн эзэдтэй гар барин мэндчилэх ба цэцгийг оронгуутаа харин цэцэгнээс бусад бэлгийг дараагаар нь өгдөг. Цэцгийн баглааны чимэглэлийн цаасыг авахгүй байж болох бөгөөд зочид хүлээн авч буй өрөөнд варанд хийж тавина. Баяр ёслол тэмдэглэж байгаа тохиолдолд цэцгийг өөр өрөөнд оруулан тавих нь зохимжгүй. Бага зэргийн цэцгийн баглааг ширээн дээр ч тавьж болно.
- Цэцгийг удаан хадлагалахын тулд ишний доод хэсгээс ташуулдуулан тайрах бөгөөд гандаж, муудсан навчсыг авч хаях хэрэгтэй. Варан дахь усыг өдөр бүр сольж байх шаардлагатай. Өрөөний температур сэрүүн байх тусам цэцэг илүү удаан хадгалагдана.
- Цэцэг бэлэглэхдээ үргэлж 3,5,7 гэх мэт сондгой тоог сонгоорой. Зөвхөн нас барсан хүний шарил дээр тэгш тоотой цэцгийн баглаа тавьдаг.
Цэцэгсийн утга...
Сарнайг гоо сайхан, хайр сэтгэлийн бэлгэдэл гэдгийг бүгд мэддэг. Тэгвэл сарнай дотроо олон янз байх бөгөөд тэдний өнгө ч өөр өөр утга агуулгатай байдаг.
Улаан болон цагаан сарнайг нэг баглаанд хамтатган оруулсан бол энэ нь эв нэгдлийг илтгэнэ. Шар сарнай баяр баясгалан, сэтгэл хангалуун байдлыг харуулна. Өөрийн далд хүсэл сэтгэлийг улбар шар эсвэл далайн шүрний өнгөтэй сарнайгаар илтгэж болно. Гүн улаан өнгийн сарнай нь таны хайртай бүсгүйд түүний гайхалтай үзэсгэлэнтэй байгаа тухай хэлэх болно.
Ягаан сарнай итгэл найдвар, энхрий ялдам байдлыг илэрхийлнэ. Нил ягаан өнгийн сарнайг сонгон бэлэглэж буй хүн бол маш нарийн мэдрэмжтэй бөгөөд өөрийг нь хүрээлэн буй хүмүүс, ялангуяа танд ихээхэн анхаарал халамжтай ханддагийн шинж юм.
Улбар шар өнгийн сарнай амьдралыг гэгээлэг өнгөөр хардаг нэгний сонгох цэцэг бөгөөд мөн түүнчлэн дассан сэтгэлийг ч илэрхийлж болно. Шар эсвэл улаан, улаавтар өнгөнүүд нь хүний гүн гүнзгий, тачаангуй сэтгэлийг харуулж байдаг. Цагаан сарнай нь цэвэр ариун байдлын бэлэг тэмдэг.
Сарнайнаас гадна өөр хэд хэдэн цэцэг хайр сэтгэлийг илэрхийлнэ: улаан хризантема, алтан зул болон лиш цэцэг. Хонин нүдэн болон гоё ганганд тооцогдох сараана цэцэгс таны хайртын гоо сайхныг магтан дуулна. Харин голт борын цэцгийг амьдралдаа ганц л удаа хэн нэгэнд бэлэглэх бөгөөд энэ нь анхны хайрыг бэлэгдэнэ.